Хэррэв
бид янз янзын Багш байдгийг, бидэнд аль нь хамгаас илүү таарч тохирохыг
мэдэж байвал Багшийг эрж олоход амархан. Миний бодлоор гурван төлөв байдаг.
Эхнийхийг нь бид боловсрол мэдлэгтэй хэв маягийн, эрдэмтэн гэж хэлдэг. Тэд
бичиг судрыг маш сайн мэддэг, гүн ухааны нэр томъёог сайтар эзэмшсэн
байдаг. Тэд нэр томъёоны утга учрыг тайлбарлаж, тухайн бичиг судрыг хэн,
хэзээ бичсэнийг танд хэлж өгч чадна. Ийм Багш нар таны хүндэтгэлийг бүрэн
хүлээнэ. Нэр томъёог нь мэдэхгүй юмуу сурч судлах цаг завгүйн улмаас бидний
ойлгож чадаагүй байж болох эрт цагийн ариун гэгээн сургаал номлолыг тэд
бидэнд дамжуулж чадна. Энэ бол Багшийн эхний хэв маяг. Тэднээс янз бүрийн
шашин, сургаалыг сурахын хамт бид эрдэм мэдлэгээ өргөтгөн дэлгэрүүлж чадна.
Хоёрдахь
хэв маягийн багш бол цаг үргэлж хэт хөөр бах эсвэл Самадийд автсан
байдаг.Тэд Бурханд, Бурхны оронд өөрийгөө бүрэн зориулсан байдаг. Тэд
Бурхантай шууд холбоотой байдаг бөгөөд Бурхнаас эрдэм ухааныг шууд хүлээн
авч байдаг. Тэд Бурхныг нүүр тулан харж чадна. Хэрэв бид энэ Багш нартай
сайн дураараа юмуу тохиолдлоор холбоо харилцаатай болбол ихээхэн ашиг тус
хүртэнэ. Эгэл ухаан санаа маань ертөнцийн дарамт шахалтад өртөх нь нэн
багасаж, бид урам зориг, баяр баясгаланг амсан мэдэрч, Бурхныг танин
мэдэхийг эрмэлзэн тэмүүлэх болно. Бидэнд ертөнцийг орхих хүслэн төрж
байгааг мэдэрнэ. Би үсээ хусуулаад ой ширэнгэд амьдрах тухай бус, ертөнцийн
материаллаг баялаг болон мэдрэхүйн аятай таатай хүслээ багасгах тухай ярьж
байна. Ийм Багш нар ер нь жинхэнэ ёсоор зааж сургадагггүй харин ердөө л
дотоод зохирол, аз жаргалаар цэнгэж, хөөр бахад автсан байдаг болохоор
тэднийг эрж олоход хэцүү.
Гуравдахь хэв маягийн Багш бол мөн л Бурхны хайранд автсан байдаг ч бас зовж зүдэрч, харанхуй мунхаг байгаа хүмүүсийг нигүүлсэж хайрладаг. Тийм учраас тэд дуудлага авсан мэт хорвоо ертөнцөөр бэдрэн явж байдаг. Тэр байтугай чин үнэн сэтгэлийн угаас Бурхантай нэгдэн нийлэхийг эрмэлзэн тэмүүлж буй ганц, хоёрхон хүн байхад ч тэд ирж, бидний дотоодод байдаг Дао, Үнэн Мөр, Бодит Үнэнийг олох арга, Бурхны Орны нууцыг хуваалцан, биднийг анх ирсэн бүхнийг чадагч эх булагтайгаа өөрийгөө нэгтгэн нийлэхэд, өөртөө итгэхэд сургахын тулд, амьдралын зовлон зүдгүүрийн эрчийг бууруулахын тулд, дотроо байгаа авралын хүч чадал, сүр жавхлан, эрдэм ухааны агуу их эх булгаа хэрхэн нээж олохыг хэлж өгдөг. Багшийн гурван хэв маяг үндсэндээ ийм байна. Бидний дотоодын эрмэлзэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага, эрэл хүслийг хангаж чадах Багшийг л бид эрж олох ёстой. Багштай учирвал, бидний хүсч буй тэр Багш мөн үү, бидний итгэл, хүндэтгэлийг хүлээж чадах уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно.
Эхний
хэв маягийн Багшийг төгс төгөлдөр эрдмээр нь таньж болно. Тэрээр ярьж
чаддаг, хамаг судар бичгийг мэддэг болохоор бид энэ хүн бол эрдэм ухааны
хүн гэж шууд хэлж чдана. Ертөнцийн эрдэм ухаан нь ухаарч ойлгож, итгэж
үнэмшихэд амар тул үүнийг тодорхойлох нь хялбар. Хоёр дахь хэв маягийнхийг
мөн гадаад төрх янзаар нь, орчны нь хүмүүсийн мөргөж биширсэн байдал,
үргэлжийн хөөр бахад автсанаар нь танихад амархан. Гурав дахь хэв маягийн
Багшийг танихад амаргүй, яагаад гэвэл хэрэв хүн хөөр бахдалын байдалд байгаа
биш бол хэзээ нэгэн цагт тэр хүн хөөрлийн байдалд байсан уу, үгүй юу
гэдгийг мэдэхэд хэцүү; учир нь ийм Багш хоногийн хорин дөрвөн цагийн туршид
үл үзэгдэх хөөр бахдал буюу “Самади”-д байдаг. Самади гэдэг нь хөөр бахдал,
цэнгэл жаргалан, амар амарлингуй болон гэрэл гэгээг илэрхийлдэг.
Тэ
энэ ертөнцөд амьдрангаа хөөр бахдалд автаж болно. Хоёр төрлийн Самади
байдаг: үүний нэг нь: та энэ ертөнцөөс ангижирмагц мөнхөд хөөрөл бахдал,
цэнгэл жаргалан, Бурхны Оронд байна. Та Бурхантай буюу Хайрын Далай, энэрэл
нигүүслэлтэй нэгдэн нийлнэ. Хоёр дахь нь: өдөр тутам бясалгал хийх, Бурхныг
даган сүслэх замаар юмуу эсвэл хөөрөл бахдалд хүрэхэд чиглэсэн аливаа зан
үйлийн тусламжтай үзэж амсах бага зэргийн хөөр бахдал. Самадид орсон үедээ
та бүх ертөнцийг мартана. Зарим үед та орчныхоо хүмүүсийг сонсож болох
боловч ертөнцтэй холбоо харилцаагүй байдаг. Та гүн гүнзгий хөөр бахдалд
орчихвол бүх ертөнц алга болоод, та зөвхөн гэрэл болон Бурханыг үзэж, амар
амарлингуй, цэнгэл жаргалан, хөөр бахдалыг л мэдэрнэ.
Гурав
дахь хэв маягийн Багш нар Исус юмуу Будда шиг нэгэн зэрэг хөөрөл бахдалт ба
хөөрөл бахдалгүй байдалд байдаг болохоор тэднийг танихад амаргүй. Тэд
жирийн хүн шиг л харагддаг. Гурав дахь хэв маягийн Багш байхын аюул үүнд
оршдог. Эхний хэв төлвийн Багшийг бүх хүн таньж, хүндлэдэг, мянга мянган
хүн түүнийг дагадаг. Хоёрдахь хэв төлвийн Багшийг мөн л бүх хүн мэдэж, хөлд
нь сөгдөн мөргөдөг. Тэр цаг үргэлж хөөрөл бахдалд байдаг учраас ингэж
байгааг нь мэдэж ч байж болох, үгүй ч байж болох бөгөөд хүмүүс үүнийг нь
харж байдаг. Гэтэл гурав дахь төлвийн Багшид юу тохиолддог вэ, жишээлбэл:
Исус, Будда хоёр - тэрхэн үедээ Багш нар тэр хоёр шиг л бие махбодтой,
хамгийн эгэл хүмүүстэй адилхан байдаг, тиймээс Тэд бол ертөнцийн хувьд
Аврал, Гэрэл, Мөр, Тэд бол Бурхны үр хүүхэд гэдэгт олон хүн итгэж чаддаггүй
учраас тэдэн лүү чулуу шидэж, тэднийг хараан зүхэж, алж хөнөөж, загалмайлан
цовдолж мэднэ.
Тийм болохоор, жишээлэхэд Исус, Будда хоёрын хийж байсантай адилаар хүмүүс рүү хүрч очин Диваажингийн орны нууцаас хуваалцаж байдаг тийм хүмүүс бол нэг зэрэг хөөрөл бахдалд байж ч чадна, байхгүй байж ч чадна. Яагаад гэвэл та ном хүртэх үед жинхэнэ “Би” тань самадид оршдог, гэтэл бодит “Би” тань өвчин зовиур, уйтгар гуниг амссан хэвээрээ, зовж зүдэрсэн хэвээрээ байдаг. Хоёрдох хэв маягийн Багш бол түгшүүр шаналал, санаа зовохыг мэдэхгүй, бие махбод нь өвдөж зовиурлахыг ч мэдэхгүй, гагцхүү цэнгэл жаргаланд умбаж байдаг бөгөөд; хамаг зовлон зүдгүүр нь алга болчихдог, энэ байдлыг илтгэн тодорхойлох үг хэл ярианд байхгүй. Хэрэв та нэг болон хоёр дахь хэв маягт хамаарах бол хүмүүс таныг хүлээн зөвшөөрч, таны хойноос дагана. Гуравдахь хэв маягийн Багш байхын аюул нь тэд эгэл жирийн хүн шиг харагддаг. Тэгээд хүмүүс тэд бол авралын зам мөр гэдэгт итгэдэггүй учир тэднийг чулуугаар шидэж, тэр байтугай алж хөнөөж ч мэднэ. |
Багшийн гурван хэв маяг
Subscribe to:
Posts (Atom)
No comments:
Post a Comment