Багшийн шинэчлэлийн загвар, түүний хувилбарууд

Хүн төрөлхтний даяаршил болон нийгмийн хөгжлийн шалгуурыг ханган ажиллаж, амьдрах бодит чадвартай, хариуцлагатай бүтээлч иргэний төлөвшил нь мэдлэгийн тодорхой нэг салбарын гүнзгийрэлтээр ч биш, нэвтэрхий толь шиг олон талын салангид мэдлэгийн хүрээгээр ч биш, харин асуудлын мөн чанараас үл хамааран түүнийг бүтээлчээр, хариуцлагатайгаар шийдвэрлэн чанартай амьдрахад нь шаардлагатай цогц чадамжуудаар тодорхойлогдох боллоо. Ийм цогц чадамжуудыг олон улсад “амьдрах ухаан“ гэсэн нэр томьёогоор ерөнхийлөн нэрлэж байна. Тухайлбал: суралцагч нь зүгээр нэг баримт мэдээлэл цээжлэн ярих биш, харин энэ баримт мэдээллээ боловсруулж, нотолгоо гарган батлах арга барил, сэтгэлгээнд суралцах, өөрөөр хэлбэл зорилго хэрэгцээндээ нийцүүлэн янз бүрийн хэрэглэгдэхүүнийг хэрэглэж сурахад нь илүү анхаарч, энэ чадварыг боловсролын эцсийн зорилго, эцсийн үр дүнгийн нэг болгох шаардлага бий болсон.

Энэ нь суралцагчийг зүгээр нэг гүйцэтгэгчийн ажилд биш, бүтээлч сэтгэлгээ бүхий шинжлэн судлагчийн ажилд суралцах хэрэгцээг бий болгож байна. Ийм чадвартай иргэн төлөвшүүлэхийн тулд сургалтын аргазүй технологийг боловсронгуй болгох явдал чухал юм. Иймээс мэдлэг асар хурдтай хуучирч байгаа өнөө үед өөрт хэрэгцээтэй мэдлэгээ өөрөө бүтээдэг арга эзэмшихэд нь суралцагчдад туслахад чиглүүлж, арга барилаа шинэчлэн байнга боловсронгуй болгох стратеги давамгайлах хандлагатай болжээ.
Энэ ажлыг нугалах гол хүч багш ямар байх вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна.Тэгвэл багш нар менежер, зөвлөн туслагчийн арга барилд мэргэших болсноор тэдний ажил үйл гүйцэтгэх төвшин дээшилж,боловсролын үр ашиг нэмэгддэг байна. Үүнийг” багшлахуйд төвлөрсөн сургалт”-аас “суралцахуйд төвлөрсөн сургалт” гэж нэрлэдэг. Энэ нь “Шавь төвтэй сургалт”-ын технологи юм.
XXI зуун багш хүний дүр төрхийн тухайд ямар захиалга өгч байна вэ? гэдгээс багшийн боловсролын эрэлт шаардлага тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл ямар үйл ажиллагаа явуулж, ямар чиг үүрэг, хариуцлага хүлээж, тэдгээрийг гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах ямар боловсролтой, юу мэддэг, чаддаг, ямар эв дүй, ёсзүй эзэмшсэн хүнийг багш гэх вэ? гэсэн асуудал юм.

Орчин үеийн багшийн загвар ямар байх вэ?

Орчин үед багшийн загварыг дөрвөн талст бүхий гурван хэмжээст цогц чадамжийн тогтолцоотой “Багш пирамид”-аар тодорхойлж байна.”Багш пирамид”-ын 4 талст бүр дараах агуулгыг илэрхийлнэ.
1. Багшийн гүйцэтгэх үйл ажиллагаа, энэ үйл ажиллагааны арга хэрэгслийн тухай мэдлэг чадвар (Багшлах ажлын шинжлэх ухаанч чанарын төвшин буюу багш мэргэжлийн үйл ажиллагааны талбарт тавих мэдлэг чадварын шаардлага, хэм хэмжээний жишиг)
2. Багшийн гүйцэтгэлийн дадал хэвшил( Багшийн харилцааны болон ёсзүйн цогц чадамж төлөвшилтийн төвшин)
3. Багшийн гүйцэтгэлийн эв дүй, эвсэл ( Багшлах дадал барилаа ур дүй болгох төвшин )
4. Багшийн гүйцэтгэлийн хариуцлага, ёсзүй ( Багшийн гүйцэтгэлийн ямар ч шатанд боловсролын чанарын баталгааг хангах ерөнхий суурь шаардлага, нийгмийн болон шавийнхаа өмнө хүлээх хариуцлага, ёсзүйн хэм хэмжээ)
“Багш пирамид”-ыг анхааралтай нягталж үзэхэд түүний аль нэг талыг багшийн хөгжилд түлхүү анхаарч, товойлгон авч үзэх бүр багш гэж хэн бэ? гэсэн асуултын хариу харгалзана. Тухайлбал ”пирамидын аль талд ач холбогдол өгч суурь болгон сонгож байгаагаас хамаарч, нэг дэх тал нь багш бол мэдлэгийн тухайн салбарын мэргэжилтэн, хоёр дах талыг суурь болговол багш бол дидактикч, гуравдах тал нь багш бол сэтгэлзүйч, судлаач, дөрөв дэх тал нь багш бол менежер гэсэн хариулт өгч болно. Мөн энэ пирамидын суурьт параллель, дөрвөн өөр өндөрт огтлолцох хавтгайнуудаар багшийн боловсролын тодорхой төвшинд эзэмших цогц чадамжийг тодорхойлох боломжтой ба эдгээр төвшин бүрийг дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн боловсролын зэрэгт хамруулах үндэслэлтэй.

“Багшийн шинж”
Багшийн загвар нь зөвхөн гурвалжин пирамид бус олон талт пирамидаар тодорхойлогдох хувилбартай байж болно. Гэвч хамгийн голлох загвар нь гурвалжин пирамид байна. Орчин үеийн нийгэм түүхэн хөгжлийн шинэ шаардлагын дагуу багшийн хариуцлага ёсзүйд суурилсан загвар ч байж болно.

Багшийн загвар ямар байж болох тухай судалж үзэхэд нэлээн олон сурагч багш хүн цаг сайн барьдаг, хариуцлагатай, бас шударга байх ёстой. Харамсалтай нь энэ нь тийм ч хангалттай биш гэж үзжээ. Харин багш хүнд байх ёстой шилдэг чанарууд нь хүнлэг, энэрэнгүй байж, суралцагчдын дотны найз нөхөр байх нь чухал юм гэж үзсэн байна.
Тэгвэл багш нар мэдлэг боловсролоо дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэн орчин үеийн шаардлагад өөрийгөө нийцүүлье гэж боддог ч цалин хөлс бага, цаг зав хомс байдаг, мөн багш нарын холбоо, холбогдох бусад байгууллага, удирдлага нь бидэнд тусалдаггүйгээс гадна сайн ажиллах хөшүүрэг, механизм байдаггүй тул нөхцөл бололцоондоо тааруулж ажилладаг гэж хариулж байна.
Үнэхээр ч боловсролын шинэчлэл, багшийн шинэчлэл гэж ярьж эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байхад яг амьдрал дээр гарсан бодитой өөрчлөлт нь юу л бол. Нэгэнт байдал ийм байхад бид багшаа шинэчиллээ гэж ярихын хэрэггүй. Үүнийг бичигч би ч гэсэн монголын олон мянган багш нарын нэг учраас өөрийн үзэл бодлын үүднээс дараах дүгнэлтийг дэвшүүлж байна.

Багш яавал өөрчлөгдөн шинэчлэгдэх вэ?

1. Хүссэн бүхэн багш болдоггүй. /Багш мэргэжил хэн нэгэн хүний амьдрах, мөнгө олох гол арга хэрэгсэл байхаас илүү хамгийн гол нь хүнээр хүн хийдэг, хүнийг яаж ч өөрчилж болдог механизмынх нь хувьд үнэхээр энэ мэргэжилд дур сонирхолтой, чин сэтгэлээсээ хүссэн хүнийг сонгон шалгаруулж ажиллуулах. Үүний тулд багш мэргэжил сонгож байгаа хүнд цэрэг, цагдаагийн сургуульд элсэж байгаа хүнийг ямар шалгуураар шалгадаг вэ? түүнтэй нэгэн адил болзол, цензур тогтоох/
2. Сайн багш сайн сургуулиас төрнө. /Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын чанарт анхаарах, тэнд мэргэжилдээ дуртай, монголын боловсролын төлөө зүрх нь цохилж, санаа сэтгэл нь чилдэг багш нарыг бэлтгэх/
3. Багш нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх оновчтой бодлогыг төрөөс дэмжих нь чухал. /Үнэхээр сайн ажиллах хүсэлтэй багшийн сургалтын зардлыг сургууль нь ч юмуу, эсвэл холбогдох байгууллага нь хариуцдаг байх./
4. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх. /Хангалттай сайн цалин хөлс авч байгаа багш зөвхөн ажлынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа сэтгэл ханамжтай байх нь тодорхой/
5. Хэн ч намайг хөгжүүлээд, өөрчлөөд өгье гэж гуйхгүй. /Багш хэн намайг хөгжүүлж, хэн надад туслах вэ? гээд суух биш харин ажлын байран дээрээ өөрөө өөрийгөө байнга хөгжүүлж, их зүйлийг уншин судалж, харж үздэг байх/
6. Шударга үнэлэлт, дүгнэлт /Багш нарын ажлыг үнэн шударга, бодитой үнэлж дүгнэх, тэднийг ажиллаж, хийж бүтээж байгаа үед нь урамшуулж, дэмждэг байх. Шагнал урамшлыг ажилласан жил, танил талаар нь биш үнэхээр л ажиллаж чадаж байвал анхны жилдээ ажиллаж байгаа цэл залуухан багш ч авч болно шүү дээ./
7. Сайн удирдагчаас сайн хамт олон, сайн багш төрнө. /Боловсролын байгууллагын аль ч шатанд жинхэнэ шилдэг удирдагч ажилладаг байх/

Дээрх нөхцөлүүд хангагдсан цагт бидний яриад байгаа нөгөө шилдэг загварын багш хүссэн ч хүсээгүй ч төрөх нь гарцаагүй. Тэр үед монголын боловсрол дэлхийн төвшинд хүрэх нь ч дамжиггүй.

No comments: